
Гэрэл зургийг mpa.mn 2016.02.01
ШӨХТГ-аас Юнивишн ХХК-ийн интернэт үйлчилгээ, бусад асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ талаар ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөр “Юнивишн ХХК бол 2015 оны эцсийн байдлаар зах зээл дээр энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг компаниудаас хамгийн өндөр буюу 25.17 хувийг эзэмшдэг, олон хэрэглэгчтэй ААН юм.
Уг компани гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, гэрээ хийхэд танилцуулж байсан үйлчилгээг үзүүлж чадахгүй, хэрэглэгчийг хохироож байна гэсэн мэдээлэл их ирж байгаа.
Хяналт шалгалтын явцад тус компанийн сүүлийн гурван жил хэрэглэгчидтэй хийсэн гэрээг хянаж үзэхэд IPTV буюу гурвалсан үйлчилгээний сувгийн мэдээллийг гэрээнд тусгаж өгөөгүй зөрчил илэрсэн. Мөн багцын сонголтоос шалтгаалан интернэтийн хурдыг 3-15 Mbps байна гэж зааж өгсөн байна. Гэтэл интернэтийн багцийн сонголтоос шалтгаалан хоёрдугаар сарын 1-нээс тодорхой дата хэрэглэсний дараа интернэт хурдыг хязгаарлагдмал болгож өөрчлөх талаар мэдэгдсэн нь анх гэрээ байгуулагдахад байсан нөхцлийг тухайн компани дангаараа өөрчилж байгаа хэрэг юм. Энэ нь хэрэглэгчийн эрхийг зөрчиж байна гэж үзсэн” хэмээв.
Мөн "Энэ зөрчлөө даруй арилгаж, Цагаан сараас өмнө зогсоохыг уриалж байна. Хэрэв зогсоочихвол манай агентлагаас заавал торгохгүй" гэлээ.
ДҮГНЭЛТ:
Энэ үеэр хэл ам дагуулаад байсан CCTV, MATCH TV сувгуудыг Монголд хаасан нь үндэслэлгүй хэмээн дүгнэсэн тухайгаа мэдэгдлээ.

Спортын сувгуудыг хаасан асуудлаар хэрэглэгч Э. Амарсайхан “Хоёр сарын өмнөөс Univision компани гадаадын спортын сувгуудыг хааж байгаатай холбоотой хэрэглэгчдийн гомдол, үл ойлголцол, бухимдал болсон. Хоёр сарын өмнө ШӨХТГ-т хандаж шалгуулсан. Энэ асуудлыг хариу гарахад тухайн CCTV5, MATCH TV сувгуудыг Монголын газар нутагт гаргаж болохгүй гэсэн шийдвэр ОХУ-ын зүгээс гаргаагүй. Эдгээр сувгуудыг хаасан үндэслэл нь хангалтгүй гэж үзсэн дүгнэлт гаргасан байна лээ.
Эдгээр сувгуудыг ойрын хугацаанд нээх шаардлагыг ШӨХТГ-аас гаргаж байгаа юм байна. Сүүлд үүссэн нэг том асуудал бол streaming буюу интернэтийг ашиглаж томоохон тэмцээнүүдийг үнэ төлбөртэйгээр цацаж, хэрэглэгчдийг бухимдуулсан. Stream буюу интернэтийн үйл ажиллагааг цацаж мөнгө авдаг бохир үйл ажиллагаа Монголоос өөр газар байдаггүй.
Бидний гаргасан үндэслэл шаардлага аль нэг газрын нэр хүндэд халдаж, үйл ажиллагааг нь зогсоохдоо биш, хэрэглэгчийн тавьж байгаа эдгээр шаардлагыг хариуг үнэн зөвөөр нь өгөх, хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулах, буруу явуулсан бол гарч ирж хэвлэл мэдээллийнхэн, хэрэглэгчиддээ шударга үнэн мэдээллээ өгөх тухай асуудал юм. Удахгүй энэ олон асуудлууд зөв голдрилд орох байх гэж найдаж байна” гэв.
ШӨХТГ: "МОБИКОМ"-Д 2.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТОРГУУЛЬ НОГДУУЛСАН
Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газраас ойрын хугацаанд хийж хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаар мэдээлэл өглөө. Уг газраас "Мобиком" компанийг 2.3 тэрбум төгрөгөөр торгох болсон тухай мэдээллээ.
ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөр энэ тухай "Арванхоёрдугаар сарын 31-нд ШӨХТГ-аас Мобиком компанийг 2.3 тэрбум төгрөгөөр торгохоор болсон. Учир нь 9400-тэй дугаар авсан шинэ хэрэглэгчдэд үзүүлж буй урамшуулал нь бодит өртгөөс доогуур үнэтэй байна. Энэ нь Өрсөлдөөний тухай хуулийн холбогдох зүйл заалтуудыг зөрсөн.
Уг компани нь зах зээл дээр давамгайлагч байр суурьтай тул ингэх нь бусад үйлчилгээ эрхлэгчдийг боомилж байгаа хэрэг" гэв.
Харин "Мобиком" компани энэ дүгнэлт, торгуулийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд Захиргааны Хэргийн шүүхэд хандаад байгаа ажээ.
No comments:
Post a Comment